Tuesday, May 5, 2015

ТОГЛОГЧИЙН БАЙРЛАЛ


Байрлал 1. Point guard буюу холбогч
Баг дотроо бөмбөгийг хамгийн их, хамгийн сайн эзэмшдэг, дамжуулалт сайн өгдөг хүн энэ байрлалд тоглодог. Бусад спортоор жишээ авбал хөлбөмбөгийн плеймейкер, Америк хөлбөмбөгт квотербэк, хоккейн төвийн довтлогчтой зүйрлүүлж болно. Холбогч багийнхаа довтолгоог найруулж, оновчтой дамжуулалтыг өгч хэрэгтэй үед найдвартай довтолж оноо түүдэг тоглогч юм. 
Одоогийн шилдэг холбогчид гэвэл Тони Паркер, Рэжон Рондо, Крис Пол, Дерон Уильямс, Рассел Уестбрүүк, Жон Уолл, Стефен Карри, Кайри Ирвинг, Дамиан Лиллард нар. Энэ байрлалын тоглогчид ихэвчлэн 183-193 см өндөртэй байдаг. Харин 206 см Мэжик Жонсон түүхэн дэх хамгийн өндөр холбогчид тооцогддог юм. Намхан холбогч гэвэл Нэйт Робинсон (175), Магси Богз (160), Ирл Бойкинс (165) нар байна. Сүүлийн жилүүдэд энэ байрлалын Ж.Уолл, К.Ирвинг нар драфтын ¹1-ээр сонгогдсон нь багийн дасгалжуулагчид холбон тоглогчдод ямар их ач холбогдол өгөх болсныг харуулна.

Байрлал 2. Shooting guard буюу довтлогч-хамгаалагч
Багийн хамгийн сайн шидэлттэй тамирчин энэ байрлалд тоглодог. Тэд дунд болон алсын зайнаас ихэнх оноогоо авна. Мөн бөмбөг залах, дамжуулах техник өндөр байх шаардлагатай. Хэрвээ сайн shooting guard-тай бол холбон тоглогчийн ачаа нэлээн хөнгөрдөг. Энэ байрлалын тоглогчид ихэвчлэн 193-201 см байдаг. Гэхдээ 183 см өндөр алдарт “The Answer” Аллен Айверсон энэ байрлалд сайн тоглодог байсан. Энэ байрлалын хамгийн гол төлөөлөгч нь алдарт Майкл Жордан. Мөн Коби Брайант, Дуэйн Уэйд, Рей Аллен, Трйеси Макгрейди, Винс Картер зэрэг оддыг дурдаж болно. Залуусаас Жеймс Харден, Эван Тюрнер, Монта Эллис нар энэ байрлалд сайн тоглож байгаа. Дээхнэ үеийнхний гол төлөөлөгч нь Оскар Робертсон, Жерри Уэст, Клайд Дрекслер, Режи Миллер юм.

Байрлал 3. Small forward буюу хөнгөн довтлогч
Энэ байрлалын тоглогчид оролт хийх, нэгийн дамжуулалтаар тохох, данк хийх зэргээр ихэнх оноогоо авч, самбарт ойрхон тоглодог болохоор хурдтай, хүчтэй байх шаардлагатай. Тэд бас гурвын шугамны араас мэргэн буудах чадвар сайтай байдаг. Биеийн өндөр нь ихэвчлэн 203-211 см байх нь бий. Мөн тухайн тоглогчоос универсаль байхыг шаарддаг болохоор холбогч, хамгаалагчийн байрлалд ч тоглох хэрэг гарна. Одоогийн оддоос дурдвал Леброн Жеймс, Кармело Энтони, Кевин Дюрант, Пол Пирс, Пол Жорж нар. Өмнөх үеийнхэн гэвэл Лэрри Бёрд, Скотти Пиппенийг дурдаж болно.

Байрлал 4. Power forward буюу хүчний довтлогч
Төвийн тоглогчийн хамт самбарт ойрхон тоглодог хүчирхэг бие бялдартай залуусыг ийн нэрлэдэг. Тэд ойрын болон дундын зайнаас ихэнх оноогоо авдаг бөгөөд хамгаалалтын гол ноён нуруу болж байдаг. Хүчний довтлогч нар 203-213 см байх нь түгээмэл. Гэхдээ биеийн өндөр тийм ч чухал биш. 198 см Ч.Баркли энэ байрлалд ямар сайн тоглож байсныг санахад илүүдэхгүй. Орчин үеийн төлөөлөл гэвэл Тим Данкан, Амаре Стаудемайр, Крис Бош, По Газоль, Блейк Гриффин, Дрик Новицки, Ламаркус Алдриж байна. Өмнөх үеийн оддын цуваа Боб Петит, Деннис Родман, Карл Мэлоун. Гэхдээ сүүлийн үед Д.Новицки, Р.Льюис, Р.Андерсон зэрэг дундаас болон алсын зайнаас оновчтой шиддэг хүчний довтлогчид, энэ байрлалынхны үүрэг, оролцоог өөрчлөөд байгаа.

Байрлал 5. Center буюу төвийн тоглогч

Ерөнхийдөө багийн хамгийн өндөр тоглогчид энэ байрлалд тоглодог. Тэд ихэвчлэн 213 смаас өндөр байдаг. Тэд будагтай талбайд ихэвчлэн зогсож, бөмбөгний төлөө үсэрнэ. NBA-гийн түүхэнд К.А.Жаббар, У.Чемберлен, Б.Рассель, П.Юинг, Х.Олажьювон, Д.Робинсон, Шакил О’Нил нарын үе үеийн шилдэг төвийн тоглогчид. Харин өдгөө Дуайт Ховард, Марк Газоль, Тайсон Чандлер, Ал Жеферсон, Энтони Девис нар тэдний орыг залгахын төлөө хөдөлмөрлөж байна.

No comments:

Post a Comment